БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2015 оны 325 дугаар

   тогтоолын хавсралт

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм.

 

Биологийн нөөц нь хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд түүний үнэ цэнэ, ач холбогдлыг дэлхий нийтээр ойлгох нь өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хүний үйл ажиллагааны дарамтад өртөж, устаж үгүй болж байгаа амьтан, ургамал, экосистемийн хэмжээ, хамрах хүрээ сүүлийн хоёр зууны турш улам нэмэгдсэний улмаас өнөөдөр дэлхийн хүн амын хэрэглээ нь манай дэлхийн биологийн нөөцөөс 1,5 дахин хэтэрч дэлхийн хүн амын өсөлт, улс орнуудын хөгжлийн түвшинтэй уялдан нөөцийн тэгш бус хуваарилалт, зохисгүй ашиглалтын улмаас 1970-2010 оны хооронд зөвхөн сээр нуруутан амьтдын тоо толгой гэхэд л 52 хувиар буурсан байна.

 

Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон юм. Конвенцид манай улс нэгдэн орсноор биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, генетик нөөцийн ашиглалтаас олох ашгийг шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах үндсэн гурван зорилгод чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачилгатай хамтран ажиллах, үндэсний бодлого, үр ашигтай зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээсэн.

 

Хоёр. Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах шаардлага

Монгол Улсын Засгийн газар 1996 онд “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин хэрэгжүүлсэн бөгөөд 2010 оны байдлаар хөтөлбөрт тусгагдсан 21 ерөнхий зорилго, 87 үйл ажиллагааны биелэлт нь 96 хувьтай байна гэж дүгнэсэн. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Монгол орны нийгэм, эдийн засаг, байгаль орчинд гарсан эрс өөрчлөлтүүд болон дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцаас үзэхэд биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хувьд конвенцийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, байгаль орчны талаар боловсруулан гаргасан төрийн бодлого, шийдвэрийн  уялдааг хангасан байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага бий болсон байна.

 

Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын Бага хурлын 10 дугаар хуралдаанаас “Айчи-20 зорилт”-ыг шинээр боловсруулан баталж, конвенцид нэгдэн орсон улс орон бүрийг өөрийн улсын биологийн олон янз байдлын хөтөлбөрийг тус зорилтод нийцүүлэн шинэчлэн боловсруулах зөвлөмжийг гаргасан юм. 

 

Гурав. Хөтөлбөрийн зарчим

            3.1.  Хөтөлбөрийг боловсруулахад дараах зарчмыг баримталсан болно:

 

                        3.1.1. монгол орон болон дэлхий нийтэд биологийн олон янз байдал, байгаль хамгааллын талаарх бодлого, шинэ чиг хандлагыг тусгасан, судалгаанд үндэслэсэн байх;

 

                        3.1.2. Байгаль хамгааллын арга хэмжээний түншлэл (Conservation Measures Partnership)–ийн боловсруулсан "Байгаль хамгаалах практикийн нээлттэй стандарт"  аргачлалыг ашигласан байх;

 

                        3.1.3. “Айчи”-гийн зорилтуудыг Монгол орны байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан хүрсэн үр дүнгээ дэлхий нийтийн зорилттой харьцуулан тайлагнах суурь мэдээ, шалгуур үзүүлэлттэй байхаар сонгосон байх;

 

3.1.4. биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих зорилтот хөтөлбөр, төсөл нь үндсэн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, уялдсан байх шаардлагатайг харгалзсан байх.

 

Дөрөв. Хөтөлбөрийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл,

зорилго, зорилт, үйл ажиллагаа

            4.1. Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилго нь Монгол Улсын иргэн бүрийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нь баталгаатай болгох нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

 

4.2. Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах тэргүүлэх чиглэлийг баримтална:

 

       4.2.1. тэргүүлэх чиглэл 1: биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах талаарх шийдвэр гаргагч, олон нийтийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх;

 

       4.2.2. тэргүүлэх чиглэл 2: биологийн олон янз байдлын нөөцийн талаарх шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан зохистой ашиглах болон хамгааллын бодлогыг бий болгон хэрэгжүүлэх;

 

       4.2.3. тэргүүлэх чиглэл 3: биологийн олон янз байдлын тогтвортой ашиглах нөхцөлийг хангах;

 

     4.2.4. тэргүүлэх чиглэл 4: биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хамгаалах, ашиглах бодлого, эрх зүйн орчныг сайжруулах.

 

4.3. Хөтөлбөрийн 1 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.3.1. зорилго 1: бүх шатны боловсролын түвшний агуулгад тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгаж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 5-аас доошгүй хувь нь энэ талаар мэдээлэл түгээдэг болох;

 

4.3.2. зорилго 2: байгаль орчны мэдээллийн сангийн биологийн олон янз байдлын мэдээллийн нэр төрөл, хүртэцийг нэмэгдүүлж, биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад ашиглах тогтолцоог бүрдүүлэх.

 

4.4. Хөтөлбөрийн 2 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.4.1. зорилго 3: эдийн засгийн ач холбогдолтой зүйлүүдийн генетикийн нөөцийг хамгаалах, ашиглах, түүний үр өгөөжөөс шударга хүртэх эрх зүйн орчинг бүрдүүлж зохистой ашиглах, генетикийн доройтол, хомсдолоос сэргийлэх;

 

4.4.2. зорилго 4: унаган, нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;

 

4.4.3. зорилго 5: экосистемийн үндсэн төлөөлөл тус бүрийн 30-аас доошгүй хувь, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийг бүхэлд нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, менежментийг нь сайжруулах;

 

4.4.4. зорилго 6: хөрс, усыг химийн болон шим бодисын бохирдлоос хамгаалах;

 

4.4.5. зорилго 7: ойн менежментийг сайжруулснаар монгол орны ойн ойрхог чанарыг 9 хувьд хүргэж, түүний доторх биологийн олон янз байдлыг хамгаалах.

 

4.5. Хөтөлбөрийн 3 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.5.1. зорилго 8: төр, нутгийн иргэд, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар байгалийн нөөц, ялангуяа агнуурын амьтны нөөцийн зохистой ашиглах, хамгааллын менежментийг нэвтрүүлэх;

 

4.5.2. зорилго 9: малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулсан хууль эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг бий болгон монгол орны бэлчээрийн доройтлыг 70 хүртэл хувиар бууруулж сайжруулах;

 

4.5.3. зорилго 10: тариалангийн үйлдвэрлэлийн техник технологи, үйл ажиллагааг орчныхоо агробиоценоз дахь биологийн төрөл, зүйлүүдийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад нийцүүлэн шинэчлэх.

 

4.6. Хөтөлбөрийн 4 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилгыг тавьж хэрэгжүүлнэ:

 

4.6.1. зорилго 11: биологийн олон янз байдлын талаарх шалгуур үзүүлэлтийг үндэсний тооцооны системд нэвтрүүлж, холбогдох салбарын хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд тусган хэрэгжүүлэх;

 

4.6.2. зорилго 12: байгаль орчны стратегийн үнэлгээнд үндэслэн хөдөө аж ахуй, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаас хэрэгжүүлж байгаа биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлөх магадлалтай үйл ажиллагаанд төсвөөс татаас болон хөнгөлөлт үзүүлэхгүй байх эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх;

 

4.6.3. зорилго 13: бэлчээр, усны нөөц, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, ач холбогдлыг тооцож нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тогтвортой хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;

 

4.6.4. зорилго 14: биологийн олон янз байдлын стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн боломжит гол эх үүсвэрийг тодорхойлж, үр нөлөөтэй ашиглах тогтолцоог бүрдүүлэх.

 

4.7. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.7.1. зорилт 1: тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч болон олон нийтийн хамтын ажиллагааг уялдуулах, сайжруулах;

 

4.7.2. зорилт 2: иргэдэд тогтвортой хөгжлийн үзэл санааг системтэй, цогц байдлаар олгох.

 

4.8. Хөтөлбөрийн 2 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.8.1. зорилт 3: биологийн олон янз байдлын талаарх судалгааны ажлыг дэмжих төр, хувийн хэвшлийн тогтолцоо, эдийн засгийн хөшүүргийг бий болгох;

 

4.8.2. зорилт 4: биологийн олон янз байдлын үнэ цэнэ, ач холбогдол, хамгаалал, зохистой ашиглах талаарх мэдээллийг шийдвэр гаргагч болон олон нийтэд ойлгомжтой, системтэйгээр хүргэх тогтолцоог бүрдүүлэх.

 

4.9. Хөтөлбөрийн 3 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.9.1. зорилт 5: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх малын үүлдэр, омог, унаган болон таримал ургамлын сорт, тэдгээрийн зэрлэг овог, төрөл, зүйлийг бүртгэлжүүлэх, төлөв байдлын үнэлгээ хийх, хомсдолоос хамгаалах;

 

4.9.2. зорилт 6: генийн эргэлтийн нөөц болон хувиргасан амьд организмыг бүртгэлжүүлэх, генетик нөөцийн сан бүрдүүлэх;

 

4.9.3. зорилт 7: генетикийн нөөцийг ашиглах, үр өгөөжийг шударга хүртээх тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

 

4.10. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.10.1. зорилт 8: монгол орны унаган, нэн ховор, ховор зүйлийг цогцоор хамгаалах, ашиглах хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

 

4.10.2. зорилт 9: монгол оронд тархаж байгаа харь зүйл амьтан, ургамлыг судлах, түрэмгийлэгч харь зүйлийг тархан суурьшихаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх.

 

4.11. Хөтөлбөрийн 5 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.11.1. зорилт 10: газар зохион байгуулалтын улсын болон орон нутгийн төлөвлөгөөнд экосистемийн төлөөлөлд суурилсан тусгай хамгаалалттай газар нутгийг тусган сүлжээг өргөтгөж бэхжүүлэх;

 

4.11.2. зорилт 11: талуудын оролцоонд тулгуурласан тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, чадавхийг сайжруулах;

 

4.11.3. зорилт 12: уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өвөрмөц экосистемийг тодорхойлж, хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.

 

4.12. Хөтөлбөрийн 6 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.12.1. зорилт 13: хотжилт, уул уурхай, үйлдвэржилтээс үүдэлтэй химийн бодисын бохирдолтой холбоотой хуулийн хэрэгжилтийн хяналтад төр, олон нийтийн хамтын оролцоог хангах;

 

4.12.2. зорилт 14: хөдөө аж ахуйд ашигладаг химийн бодисын зохистой хэрэглээ, түүний хяналт, биологийн олон янз байдалд үзүүлэх шууд болон дам нөлөөний талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх;

 

4.12.3. зорилт 15: ургамал хамгаалах болон ургац нэмэгдүүлэх бодисын зохистой хэрэглээний хяналтын механизм бүрдүүлэх.

 

4.13. Хөтөлбөрийн 7 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.13.1. зорилт 16: төрөөс ойн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах.

 

4.14. Хөтөлбөрийн 8 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.14.1. зорилт 17: нутгийн иргэдийн нөхөрлөл бэлчээр, ан амьтан, ургамал, ой, ойн дагалдах баялаг зэрэг хүрээлэн байгаа байгалийн нөөцөө цогцоор хариуцах эрх зүйн орчин бий болгох;

 

4.14.2. зорилт 18: агнуурын бүс нутагт ан агнуурын менежментийг хэрэгжүүлэх.

 

4.15. Хөтөлбөрийн 9 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.15.1. зорилт 19: Газрын тухай багц хууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичигт экосистемийн тэнцвэрт байдлыг бүрэн хамгаалсан мал аж ахуй эрхлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох;

 

4.15.2. зорилт 20: үржил шимийн доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хөрсийг хамгаалах, доройтолд орохоос урьдчилан сэргийлэх санхүүгийн тогтвортой тогтолцоог бий болгох.

 

4.16. Хөтөлбөрийн 10 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.16.1. зорилт 21: хөдөө аж ахуйн салбарын газар ашиглалтыг биологийн олон янз байдлыг хамгаалах бодлоготой уялдуулах.

 

4.17. Хөтөлбөрийн 11 дүгээр зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.17.1. зорилт 22: цогц судалгаанд үндэслэсэн биологийн олон янз байдлын шалгуур үзүүлэлтийг тодорхойлж үндэсний тооцооны системд нэвтрүүлэх;

 

4.17.2. зорилт 23: биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах асуудлыг холбогдох салбаруудын бодлого, хөтөлбөртэй уялдуулах.

 

4.18. Хөтөлбөрийн 12 дугаар зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.18.1. зорилт 24: биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа эдийн засгийн хөшүүргийг бууруулах арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх;

 

4.18.2. зорилт 25: биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахыг дэмжих эдийн засгийн механизмыг боловсруулж хэрэгжүүлэх.

Дэлгэрэнгүй