ТАРИМАЛ ОЙГ ҮНЭЛЭХ, УЛСЫН ОЙН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

   
   

Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 

2008 оны  ..  дугаар тушаалын  1 дүгээр хавсралт

 

            Нэг. Ерөнхий зүйл

 

             1.1. Энэ журмын зорилго нь Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дугаар заалтын дагуу таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах харилцааг зохицуулахад оршино.

 

            1.2. Энэхүү журмыг  иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр  тарьж ургуулсан таримал ой, модыг үнэлэн  ойн санд худалдан авахад дагаж мөрдөнө.

 

            1.3. Иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авах таримал ойд дараахь төрлийн ой хамаарна:

 

            1.3.1. мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшгийн нөлөөгөөр ойгүй болсон талбайд тарьж ургуулсан ой мод;

 

1.3.2. усны ундарга, ай сав болон баян бүрдийг  хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод;

 

1.3.3. хээршилт, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас;

 

1.3.4. "Ногоон хэрэм"-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ой, мод;

 

1.3.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардлагатай гэж үзсэн бусад төрлийн таримал ой  хамаарна.

 

               Хоёр. Ойжуулалтын ажлыг зохион байгуулах

 

      2.1. Мод тарьж, ойжуулалт хийх хүсэлтэй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "ойжуулагч" гэх/ нь харъяалагдах аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд ойжуулалт  хийх хүсэлтээ гаргана. Уг хүсэлтэд ойжуулалт хийх талбайн байршлын  зураг хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй танилцуулга, тооцоо судалгаа /төсөл/ -г хавсаргасан байна.  

 

            2.2. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх хүсэлт гаргасан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэж, сум, дүүргийн Засаг даргатай хамтарч ойжуулалт хийх газрыг зааж өгнө.

 

            2.3.Ойжуулагч нь ойжуулалт хийх талбайнхаа хамгаалалт, усалгаа, арчилгааг бүрэн хариуцаж, мод тарих ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

 

             Гурав. Худалдах  хүсэлт гаргах, таримал ойд тооллого явуулах

 

3.1. Ойжуулагч өөрийн  хөрөнгөөр тарьсан  ой, модыг худалдах тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргын санал, байгаль хамгаалагчийн тодорхойлолтын хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд  тухайн жилийн 8 дугаар сард багтаан ирүүлнэ. Саналд тарьж ургуулсан газрын нэр, газар зүйн солбицол, хэсэглэлийн дугаар, тарьсан он, тарилтын арга технологи, амьдралтын хувь хэмжээ, ойжуулсан талбайн хэмжээ зэрэг  үзүүлэлтийг тухайн газрын зурагтай хамт ирүүлнэ.

 

3.2. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба дээрхи саналыг хүлээн авч хянасны үндсэн дээр  Засаг даргын захирамжаар ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсэг томилон таримал  ой, модонд  тооллого явуулж, чанар, үр дүнг  шалган дүгнэлт гаргаж, худалдаж авах тухай акт материалыг, дүгнэлтийн хамт Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагад ирүүлнэ. 

 

Таримал ой, модыг худалдан авах актыг энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу үйлдэнэ.           

 

            3.3. Таримал ойд жиших талбай байгуулан тооллого явуулж, таримал ойг худалдан авах  шалгуур үзүүлэлтийг тодорхойлно. Жиших талбайн хэмжээг дараахь хүснэгтэд заасны дагуу тогтооно. 

 

Ойжуулсан

талбай  /га/

Жиших талбайн нийлбэрийн ойжуулсан талбайд эзлэх хувь

Нэгж жиших талбайн хэмжээ /м2/

1-5

5

200

6-10

4

400

11-20

3

400

21-ээс дээш

2

400

 

             3.4. Жиших талбайн таримал мод бүрийг тоолж, модны төрөл, дундаж өндөр, сүүлийн жилийн өндрийн өсөлт, амьдралтын хувь, цаашид амьдрах чадвар, нэг га дахь  модны тоо, ургамал хоорондын болон шан хоорондын зайг хэмжиж тодорхойлно.

           

3.5. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсгийн дүгнэлт, акт материалыг  үндэслэн худалдаж авах асуудлыг шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон газар дээр нь ажиллуулж худалдаж авах эсэх талаар  хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болно.

 

Худалдаж авсан таримал ой, модыг тухайн баг, сум, дүүргийг хариуцсан байгаль хамгаалагч нарт Засаг даргын захирамж гаргуулан  хүлээлгэж өгнө.

                                                                                                                                                          

           Дөрөв. Таримал  ойг үнэлэх, худалдан авах шалгуур үзүүлэлт

 

               4.1. Худалдаж авах таримал ой нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:     

 

               4.1.1. таримал ойн талбайн хэмжээ 1 га -гаас багагүй байна.

 

               4.1.2. Ойт хээрийн бүсэд ойжуулалт хийснээс хойш 3-аас дээш жил арчилж ургуулсан, 5 ба түүнээс дээш настай, 1 га-д 1500 -аас доошгүй шилмүүст модтой;  тал хээрийн  бүсэд 1 га-д 1100, говь цөлийн бүсэд 800-аас доошгүй 3-аас  дээш жил арчилж ургуулсан, цаашид ургаж, амьдрах чадвар бүхий таримал модтой байна.

 

Хэрэв ойжуулсан талбай 1 га-д хүрээгүй эсхүл  1 га-д байгаа модны тоо энэ журмын 4.1.2 дахь заалтад заасан хэмжээнээс доогуур байвал  таримал  модыг   нь тоолж  үнэлнэ.  Худалдаж авах модны хамгийн бага тоо ойт хээрийн бүсэд 900, тал хээрийн бүсэд  500,  говь цөлийн бүсэд 300 - аас дээш  байна.

 

 Тарьц болон суулгацаар ойжуулсан таримал ойг 3 жилийн дараа, үрээр ойжуулсан таримал ойг 5 жилийн дараа хүлээж авна.

                            

                Тав. Таримал ой, модны  жишиг үнэ

 

           5.1. Таримал ой, модны жишиг үнийг Ойг нөхөн сэргээх ажлын 1 га талбайн зардлын норматив, 2 жилийн арчилгаа, хамгаалалтын зардлыг үндэслэн  Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар батална.

 

            5.2. Ойжуулалтын ажлын намрын тооллогын ажлын хэсэг таримал ойд тооллого явуулсаны дараа жишиг үнийг журмын 2 дугаар хавсралтанд заагдсан илтгэлцүүрийг ашиглан модны төрөл, таримал ойн шигүүрэлээр нь ялгавартай тогтооно.

 

                  Зургаа. Таримал ойг худалдан авах санхүүжилтийн эх үүсвэр

 

            6.1. Таримал ойг худалдан авахад шаардагдах хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

            6.1.1. ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг санхүүжүүлэхээр олгогдсон улсын  болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

 

            6.1.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын техникийн болон буцалтгүй тусламж, хандив;

 

            6.1.3. бусад.