Байгаль орчныг хамгаалах тухай

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж

1.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулиар хамгаалах объект, түүнтэй холбогдсон нэр томъёо

1.Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:

1/газар, түүний хөрс;

2/газрын хэвлий, түүний баялаг;

3/ус;

4/ургамал;

5/амьтан;

6/агаар.

2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"байгаль орчин" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;

2/"ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;

3/"ургамал" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;

4/"амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;

5/"агаар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;

6/"байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна.

7/“байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/“байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл” гэж /цаашид “нөхөрлөл” гэх/ нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9/“байгаль орчны мэдээллийн сан” /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

10/“мета мэдээлэл” гэж мэдээний эх сурвалж, хариуцах этгээд, формат, масштаб, чанар, хамрах хүрээ, хугацаа, ашиглалт зэрэг өгөгдлийн талаархи мэдээллийн багцыг.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

11/“байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

12/”байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг;

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

13/”байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг.

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

14/”байгаль орчны аудит” гэж байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объект, тэдгээрийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг

1.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:

1/гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

2/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4/холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;

5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6/сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

2/байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;

3/байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх.

4/байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, зарчим

1.Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:

1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

2/экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах;

3/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах;

4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.

5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл.Байгалийн баялгийг өмчлөх, байгаль орчныг хамгаалах

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1.Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн дагуу ашиглаж болно.

3.Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Байгалийн баялгийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бий болгосон эсэх талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн засаг захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэдгээрт өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.Засаг дарга энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг эрх бүхий мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АУДИТ

/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7 дугаар зүйл.Байгаль орчны үнэлгээ

1.Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хийнэ.

2.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хүсч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх буюу үнэлгээг урьд нь тогтоосон бол түүнийг гүйцэтгэсний зардлыг төлнө.

3.Байгаль орчны үнэлгээг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх олгосон аж ахуйн нэгж, байгууллага хийж тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгоно.

/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.Дараахь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны үнэлгээ хийх эрх олгоно:

1/үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/хэмжилт, судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

3/магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх.

6./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8 дугаар зүйл.Байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ

1.Байгалийн тодорхой төрлийн баялгийн хэмжээг тоо, чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлсныг байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ гэнэ.

2.Үнэлгээгээр байгалийн баялгийн нөөцийн хэмжээ, тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх арга хэмжээг тогтоож, байгаль орчны улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.

 4.Нөөцийн мөнгөн үнэлгээг тухайн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж, байгальд учруулсан хортой нөлөөлөл, шууд хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэс болгоно.

9 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

1./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Нөлөөллийн үнэлгээний зардлыг захиалагч этгээд санхүүжүүлнэ.

4.Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10 дугаар зүйл.Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээ

1.Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаарна.

2.Төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээний сүлжээ /цаашид "хяналт-шинжилгээний сүлжээ" гэх/-г зохион байгуулж ажиллуулна.

3.Хяналт-шинжилгээний сүлжээгээр дараахь ажлыг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчинд гарах физик, хими, биологийн хувьсал өөрчлөлт, бохирдолтын түвшинд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа хийж байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох, үнэлгээ өгөх;

2/байгаль орчин, түүний баялгийн талаар хүн ам, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангах;

3/хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хортой нөлөө, байгалийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төсөл боловсруулах.

101 дүгээр зүйл.Байгаль орчны аудит

1.Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.

2.Байгаль орчны аудит хийх зардлыг төлөвлөгөөт хугацаанд хийж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага, төлөвлөгөөт бус хугацаанд Засаг дарга, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд захиалагч тал хариуцна.

3.Байгаль орчны аудитын үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.

4.Байгаль орчны аудит хийх аргачлал, эрх олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.Төрийн аудитын байгууллагаас байгаль орчны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

11 дүгээр зүйл.Байгаль орчны судалгаа, шинжилгээ, түүний санхүүжилт

1.Улсын болон бүс нутгийн хөгжлийн баримжааг тодорхойлох, нэн ховордсон амьтан, ургамлыг нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх, хөрс, ус, агаарыг хамгаалах болон хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаархи судалгаа, шинжилгээний ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Төрийн захиргааны төв байгууллага, зохих шатны Засаг дарга нь эрдэм шинжилгээний болон холбогдох мэргэжлийн байгууллагад байгаль орчны судалгаа, шинжилгээний ажил хийх, төсөл боловсруулах захиалга өгч зохих төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээс гадна сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн хөрөнгөөр судалгаа,шинжилгээ хийхэд нь дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

13 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Улсын Их Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх төрийн бодлогыг тодорхойлох;

2/Засгийн газрын өргөн мэдүүлснээр байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;

3/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

4/байгалийн баялгийн нөөцийг ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээг тогтоох;

5/устах аюулд орсон амьтан, ургамлын жагсаалтыг батлах, өөрчлөх, байгалийн зарим объектыг улсын тусгай хамгаалалтад авах;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

14 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/байгалийн баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл бүхий үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан өмчийнх нь хэлбэрийг үл харгалзан зогсоох;

4/амьтан, ургамал, түүнчлэн байгалийн гаралтай түүхий эд экспортлох, импортлоход хил, гааль, хорио цээрийн хяналтыг зохион байгуулах;

5//Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах;

7/хуульд заасан бусад бүрэн эрх.

15 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам батлаж биелэлтийг хангуулах;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхийн хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

5/байгаль орчныг хамгаалах талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, өөрийн харьяа судалгаа, шинжилгээ, зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах;

6/байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

7/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8/байгаль орчныг хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

9//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11/нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

12/энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан аргачлалыг батлах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

13/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14/идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах журам боловсруулан батлах;

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15/байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16/хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Төрийн захиргааны бусад төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/салбарынхаа хөгжлийн чиг баримтлалд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг тухайлан тусгаж хэрэгжүүлэх;

2/салбартаа байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;

3/байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож, биелэлтэд нь хяналт тавих;

4/хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох;

5/байгаль орчны төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх.

6/шинээр томилогдсон Засаг даргад тухайн нутгийн байгалийн нөөцийн санг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-6 дахь заалтад заасан үзүүлэлтээр бүртгэж хүлээлгэн өгөх бөгөөд түүний өөрчлөлтийн тайланг жил тутам хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч байна.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

3/байгаль орчны мэдээллийн сангийн мэдээ, баримтыг төрийн захиргааны төв байгууллагад хугацаанд нь ирүүлэх;

4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны улсын ахлах болон улсын байцаагчийг энэ хуульд заасны дагуу ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

6/аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх.

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг баталж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/нөхөрлөлийн үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ батлагдсан төсвийн хүрээнд дэмжин хөгжүүлэх мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/тухайн жилд нөхөрлөлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн хэмжээг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;

4/байгаль орчныг хамгаалах талаар Засаг даргын ажлын тайлан хэлэлцэх.

5/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлд хариуцуулах асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан үнэлэлт, дүгнэлт өгч байх;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг хянах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Дэлгэрэнгүй үзэх: