МЭНДЧИЛГЭЭ /GREETING/

 Эрхэм хүндэт Монгол хүмүүн Таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж, нийт ногоон хөгжлийн төлөө зүтгэж яваа эрхэм нөхдийнхөө нэрийн өмнөөс мэндчилж байна.

Өнө эртний төрт ёсны уламжлалт эх түүхтэй, цэвэр агаар, цэнгэг устай, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн сонирхлыг татдаг монгол оронд хүмүүн болж төрөх их хувь заяа та бидэнд оноогдсон билээ. Хувь заяаны тохиолоор учирсан Монгол эх орноо хөгжүүлэн цэцэглүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь та бидний эрхэм үүрэг юм. Монголчууд бид байгальтайгаа л харьцаж тэр нь зан үйлээр зохицуулагдаж байсан уламжлалтай. Зан заншлын хэм хэмжээ нь байгалиа сүсэглэх, үр шимийг нь хүсч мөргөл залбирал үйлдэх, байгалийн аясыг танин мэдэх өв соёл болон тогтсон байдаг. Улмаар байгалиас хэрэгтэй зүйлсээ авч амьдрал ахуйдаа ашиглахдаа байгальд хайр гамтай хандах эерэг үзлийг үе дамжуулан төлөвшүүлж ирсэн нь нүүдэлчдийн ногоон соёлыг бий болгож өнөөгийн дэлхийн ногоон хөгжлийн үндэс суурийг тавьжээ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хувирлын талаар ихээхэн туршлага хуримтлуулж, тэнгэрийн ааш араншинг танин мэддэг нүүдэлчин түмний хэлтэрхийн хувьд байгалийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэх нь өнөөгийн бидний эрхэм үүрэг мөн билээ.

Энэ ч үүднээс “Ногоон хөгжил, Амьд байгалийн хүрээлэн”-гийн хамт олон байгалийн гамшиг, экологийн сүйрлийн хор уршгийг багасгах, байгаль орчноо нөхөн сэргээх зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Өмчийн ялгаанаас үл хамааран амьсгалах агаар, уух ус, идэх хоол маань бидний амьдарч буй орчин, байгаль дэлхийгээс эхтэй билээ. Иймээс өөрсдийн ногоон хөгжлийн загварыг бий болгосон нүүдэлчин түмний үр хойчис эрхэм таныг эх байгалиа хамгаалах, амьдарч буй орчноо нөхөн сэргээх их үйлсэд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт бат итгэлтэй байна. Үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн өсөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хөх тэнгэр, хөрст дэлхий биднийг үргэлжид ивээх болтугай!

 

“Ногоон хөгжил, Амьд байгалийн хүрээлэн”-гийн Удирдах Зөвлөлийн Дарга Ц.Ганбат