Хашаагаа цэцэрлэгжүүлэх төлөвлөгөөнд тань туслъя

Хашаандаа цэцэрлэгжилтийн ажил хийх нь бие болоод сэтгэлийн эрүүл мэндтэй холбоотой олон талын ашиг тусыг хүнд олгодог зайлшгүй шаардлагатай хэрэгцээ юм.

Гэр хорооллын /хашааны/ цэцэрлэгжилтийг хийхдээ юуны өмнө нарийн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхдөө хашааныхаа сул чөлөөтэй талбайн зураглалыг гаргаж талбайгаа хуваан зам талбай, граш бусад зайлшгүй байх зүйлүүдийг хаана аль хэсэгт байх, хэдий хэмжээний талбай эзлэх зэргийг нарийн тооцох нь хамгийн эхний бөгөөд чухал алхам юм.

Цэцэрлэгжилт хийх талбай нь хашааны хөл хөдөлгөөн багатай, нөмөр дулаан, салхины урсгал цохилт багатай, нарны тусгал сайтай, тэгш талбай байх шаардлагатай.

Цэцэрлэгжилтийг ямар зориулалтаар хийхээ ч сайн бодолцсон байх хэрэгтэй.

Энд хэдэн янзын хувилбар байж болох юм. Үүнд:

1. Дан төрөл бүрийн модоор хийх /навчит ба шилмүүст мод/

2. Төрөл бүрийн мод, чимэглэлийн бут сөөгнүүд /Өрөл, Нохойн хошуу, Монос, Голт бор, Долоогоно гэх мэт/

3. Дан жимсний бут сөөгөөр цэцэрлэгжилт хийх /Үхрийн нүд, Чацаргана, Монос, Гүзээлзгэнэ, Бөөрөлзгөнө, Тошлой, Давжаа алим гэх мэт/

4. Дан ургамлан хашлага хийх /Шар хуайс, Хайлаас, Тэхийн шээг, Боролзгоно гэх мэт/

5. Ургамлан хашлага, чимэглэлийн бут сөөгтэй хийх /Хайлаас, шар хуайс, Өрөл, Монос, Нохойн хошуу, Чацаргана, Үхрийн нүд гэх мэт/

6. Ургамлан хашлага /Хайлаас, Шар хуйас, гэх мэт зүлэгтэй/

7. Цөөхөн навчит болон шилмүүст модтой зэрэг олон хувилбартай байж болно.

Энэ бүгд хувилбарын алийг нь ч сонгон зөв зохистой харьцаагаар таривал хашаа сайхан харагдана. Ер нь хашаандаа ногоон байгууламж хийхдээ зорилгоо зөв тогтоох нь чухал юм.

Жишээлбэл:

  • Жимсийг нь амьдрал ахуйдаа ашиглана гэвэл 3-р хувилбарыг,
  • Хэрвээ чөлөөт цагаа модны сүүдэрт өнгөрүүлэхэд зүгээр гэж бодвол 1-р хувилбарыг,
  • Эсвэл хашаагаа хавар болон зундаа төрөл бүрийн цэцэгтэй намартаа өнгө алагласан навчтай байлгая гэвэл 2-р хувилбарыг,
  • Харин хашаа цэлгэр ногоон хивс шиг тэгээд эргэн тойрон ургамлаар хамгаалагдсан байх нь сайхан гэж бодвол 6-р хувилбарыг тус тус сонгох боломжтой. Хүн хүний сонирхол өөр өөр байдгаас дээрх хувилбаруудыг санал болгож байна.

Байгалийг гоо сайхны талаас нь ч юм уу сонирхол татах талаас нь бүх мод сөөгийг нэр төрөл бүрээс нь цөөн тоотойгоор цуглуулга хэлбэрээр тарьж болох бас нэгэн хувилбар байж болох. Энэ хувилбарыг голдуу мэргэжлийн хүмүүс хашаа хороондоо тарьсан байдаг.

Хашааг дан ганц мод сөөгөөр, тохижуулах нь бас л өрөөсгөл байдгийг хүн бүхэн мэдэх байх. Ногоон байгууламжийг чимэглэдэг зүйл нь зусах, өвөлжих цэцгээр элдэв хээ гараган өнгө алаглуулан хийсэн цэцгийн мандал юм. Цэцгийн мандлын зориулалтын талбайг хээрийн олон наст цэцэг ашиглан нэг удаа чанартай өнгө хослуулан хийж чадвал жил бүр хүч хөдөлмөр зарахгүй сайхан тохижилт болдогийг анхаарах биз ээ.

Ногоон байгууламжийн ажил хүнээс уйгагүй ажиллагаа шаардах бөгөөд цалгар наазгай байдлаар хандвал хохирол амсаж болзошгүй тул эхнээс нь нягт нямбай байдлыг эрхэмлэх нь чухал байдаг. Хашаагаа цэцэрлэгжүүлэх тусам шинэ санаа төрж хийснээ хараад ахин хийх хүсэл төрдөг нь таныг хөглөх болно..