Өвлийн улиралд тасалгааны цэцгийг хэрхэн арчлах вэ?

Цэцэг яг л хүүхэд шиг байнгын арчилгаа шаарддаг. Үүнийгээ дагаад арчлах арга нь ч жилийн дөрвөн улиралд өөр өөр байдаг. Ургамал намар, өвлийн улиралд илүү тайван байдаг учир энэ үед арчлах хэрэгтэй. Харин тайван үед нь бордоо ашиглах хортой байдаг байна. Өвөл цэцэглэдэг угсраа кактус, цикламен зэрэг цэцгийг наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр борддог бол өвөл тайван байдалд ордог цэцгийг гурваас есөн сар хүртэл борддог байна.

1.Услах зөвлөмж

-Цас борооны усыг бүлээсгэж цэцгийг усалбал цэцгийн ургалтад сайнаар нөлөөлдөг.

-Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж услах хэрэгтэй.

-Хэт хүйтэн ус нь хөрсийг муутгадаг тул тасалгааны температураас 1-2 хэмийн дулаан усаар услах.

-Хавар, намрын улиралд цэцгийг өглөө услах хэрэгтэй.

-Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой.

-Мөн цэцгийн өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтай хөрс шороог дэвттэл ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.

2.Цэцгийн бордоо тэжээл

Цэцгийн хэрэгтэй үед нь зөв бордож чадвал сайхан ургадаг. Таны тасалгааны цэцгийн ургалт нь удааширч навч нь цайрч шарлан унаж эхэлвэл та цэцгээ бордох цаг болсон байна гэсэн үг. Бордоог усалсны дараа 40-50 минут болоод долоо хоногт нэг удлаа бордох нь тохиромжтой.

-Өндөгний хальсыг дэвтээсэн ус,мах угаасан ус нь ургамалд сайн тэжээл болдог.

-Кофе болон цайны шааранд байдаг бодисууд хөрсөнд сайн тэжээл өгдөг.

·     Кофены шаар болон цайны шаарыг цэцгийн хөрсөнд хийгээд долоо хоногийн дараа хамж авна. Цайны шаарны үнэрт ялаа зэрэг нисдэг шавьж дуртай байдаг тул цэцгийн хөрсийг байнга шалгаж байх хэрэгтэй.

- Цитрусын төрлийн витаминаар баялаг мандарин, жүрж, банана зэрэг жимсээр бордох.

·       Жимсээ хальслаад шилэн савны 1\3-ийг нь жимсний хальсаар дүүргэж, дээрээс нь халуун ус хийж саваа дүүргэнэ. 24 цаг хандалсны дараа ургамлаа усална.  Найруулсан хандаараа 14 хоногт нэг удаа хөрсийг услах хэрэгтэй.

-Ургамалд нэн шаардлагатай кальци, цайр, төмөр, фосфор зэрэг нэгдлүүд агуулагддаг үнсээр гадна болон дотно ургамлыг бордвол хортон шавжаас сэргийлэхээс гадна ургамлыг хэрэгтэй тэжээлээр хангаж чаддаг.

·       Нэг литр усанд нэг хоолны халбага үнс хийж сайтар уусгаад долоо хоногт нэг удаа цэцгээ услаарай. Ингэснээр ургамалд элдэв шавж үржихгүйгээс гадна хурдан цэцэглэдэг байна. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин