“Цөөн, цэвэрхэн, цэмцгэр” амьдралын хэв маягт хэвшье

Орчин үеийн амьдрал илүү хялбар болохын хэрээр хүмүүс ямар нэгэн зүйлийг нэг удаа ашиглаад хаях хандлага нэмэгдэж байна. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9,8 тэрбум давж, хог хаягдлын хэмжээ 3,4 тэрбум тоннд хүрнэ гэсэн тооцоолол бий.

Байгаль орчныг хамгаалах газраас гаргасан мэдээллээр 2013 онд 15.1 сая тонн нэхмэл хог хаягдал үүссэн бөгөөд үүнээс 12.8 сая тонныг хаяжээ. Хонконгт өдөр бүр 253 тонн нэхмэл материалыг хогийн цэгт илгээдэг.

Энэ мэтчилэн оёдлын үйлдвэрүүд асар их хэмжээний хог хаягдал ялгаруулдаг ч хэн ч энэ талаар ярьдаггүй. 48 цагийн дотор үйлдвэрлэгдсэн хувцсыг дахин боловсруулахад 12 жилийн хугацаа шаардагддаг.  Мөн үйлдвэрийн хувцасны хог хаягдлыг хувиар илэрхийлбэл:

∙       7 хувь нь хэзээ ч өмсдөггүй 

∙       12 хувь нь бараа материалын хаягдал

∙       21 хувь нь үйлдвэрийн хаягдал

∙       Бүх үйлдвэрлэгдсэн хувцасны 60 хувь нь тухайн жилдээ хаягддаг байна.

  

Хүнд хэрэггүй бүгдийг хог хаягдал гэдэг. Хүний амьдралын боломж нэмэгдэхийн хэрээр хог хаягдал өсөж байна. Дээрх баримт нь зөвхөн хувцасны үйлдвэрийн хог хаядал дээр яригдаж буй жишээ юм.

Гэвч уур амьсгалын өөрчлөлтөд аль хэдийнээ өртсөн манай гараг энэ их хог хаягдлыг тээж чадах уу? Ирээдүйд учирч болохуйц уг эрсдэлээс сэргийлж дэлхийн улс орнууд тэнцвэртэй амьдралын хэв маягийг эрэлхийлж байна.

Социологийн судалгаагаар Даничууд Европын хамгийн аз жаргалтай хүмүүс гэж гарчээ. Тэдэнд бусад улсад байхгүй нэг онцлог бий. Энэ бол “Хюгге” хэмээх амьдралын философи юм. Хюгге гэдэг үг нь Норвеги үгнээс гаралтай бөгөөд сайн сайхан, элбэг дэлбэг байдал гэсэн утгатай.  Уг амьдралын хэв маягийн талаар дэлхийн хүмүүс олж мэдсэнээр амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж байна.

Тэгвэл "Хюгге" амьдралын хэв маяг нь тав тухыг илэрхийлдэг бол Шведчүүд “Лагом” хэв маягийг эрхэмлэдгээрээ алдартай. Уг философи нь бүх зүйлийн тунг нь тааруулах, амьдралд нэн шаардлагатай зүйлсийг л хэрэглэж,  алтан дунджийг олох, тэнцвэртэй амьдрах гэсэн утгыг агуулдаг. “Лагом” философийн гол утга нь бүх зүйлийн тэнцвэрийг хадгалахад оршино. Тэнцвэртэй амьдралын хэв маягийг загвар дизайн, байгаль орчин гэх мэтчилэн бүхий л салбарт ашиглах боломжтой.

Энэхүү хэв маяг нь тансаг хэрэглээнээс илүүтэй энгийн хэрэглээг эрхэмлэдэг. Мөн  “Цөөн, цэвэрхэн, цэмцгэр” (less is more, minimalism, natural beauty) гэх ойлголтууд дэлхийд трэнд болж, энгийн тогтвортой амьдралын хэв маяг эрчээ авч байна.

Тиймээс өөрийн амьдралыг хэрэгцээгүй зүйлсээр дүүргэхгүй илүү цэгцтэй болгох Лагом аргуудыг дурдъя:

∙       Өдөр болгон худалдан авч хэрэглэдэг хуванцар савтай бүтээгдэхүүнээс татгалзаж усны сав авч явж хэвших.

∙       Түргэн хоол авч хэрэглэхээс илүүтэй гэрийн хоол авч явах

∙       Өөрт хэрэггүй хувцсаа хадгалахгүйгээр буяны байгууллагад хандивлах

∙       Зардлаа тэмдэглэх

∙       Цөөхөн энгийн тавилга сонгох

∙       Аль болох байгалийн гэрлийг ашиглаж цахилгааны хэрэглээгээ багасгах

∙       Ойр дотны хүндээ олон давхар гялгар ууттай зүйл бэлэглэхээс илүүтэй хамтдаа дурсамж бүтээх

∙       Дэлгүүрээс зөвхөн шаардлагатай бүтээгдэхүүнээ худалдан авах

Бид нэг дэлхийтэй тиймээс эх дэлхийгээ хайрлан хамгаална гэдэг нь ухамсрын асуудал гэхээс илүүтэй үүрэг хариуцлага болсон одоо цагт дэлхийн хүн бүр “ногоон” амьдралын хэв маягийг баримталж өдөр тутмын амьдралдаа энгийн өөрчлөлтүүдийг хийж дадах хэрэгтэй.