Европын холбоо 2021 он гэхэд нэг удаагийн хуванцрын хэрэглээг хорино

Хуванцар нь төмөр, шил гэх мэт түүхий эд материалыг орлуулан гарч ирсэн технологийн шийдэл байсан ч нэг удаагийн хэрэглээнд орсноор экологийн хувьд аюултай байдалд хүрсэн.

Хуванцар хог хаягдал нь нийт далайн хог хаягдлын 70 хувийг эзэлдэг байна. Европын Холбоо нь далайруу цутгаж буй хуванцар хаяг хаягдлыг зогсоохын тулд 2021 он гэхэд нэг удаагийн хуванцарт хориг тавихаар болжээ. 2025 он гэхэд олон удаагийн болон ганц удаагийн бүтээгдэхүүнийг хүнсний сав, баглаа, боодлоор ашиглах явдлыг 25 хувиар бууруулах шаардлагатай гэж үзжээ.

Уг хуулийн төслийг санал болгосон Фредерик Рис “Бид нэг удаагийн хуванцартай тэмцэх хамгийн өргөн цар хүрээтэй хууль тогтоомжийг баталлаа. 2030 он гэхэд Европт хуванцар бохирдлоос үүдэн бий болох байгаль орчны хохиролд зарцуулах 22 тэрбум еврогийн зардлыг бууруулах мөн далайн орчмыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай хууль юм” гэж мэдэгджээ.

Хог хаягдлыг далдлах цэгүүд  Атлант, Номхон далайгаас баруун хойд мөсөн Арктик хүртэл хаа сайгүй байдаг. Судлаачид хог хаягдлыг санамсаргүйгээр идсэн тохиолдолд далайн амьтдад ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар судалж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд давс нь олон тооны микро пластик агуулж байгааг тогтоосон байна.

Хуванцар бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэвээр байгаа ч олон удаа хэрэглэх, хэрэглэхээс татгалзах жишгүүд ойрын ирээдүйд бий болно.

Эх сурвалж: BBC