“Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя”

Хадаг нь анх Энэтхэгт үүсч, Хятад, Түвдээр дамжин Монголд нэвтэрсэн гэдэг. Одоогоос 30 гаруй жилийн өмнөөс хадгийг хүндэтгэлийн зан үйлд хэрэглэж эхэлснээр хадны завсар, шон, модонд уях шашны зан үйл дэлгэрсэн. Анх хүр хорхойн шүлснээс гаргаж авсан байгальд хор хөнөөлгүй материалаар хийдэг байсан бол одоо цагт хэрэглэж буй синтетик материалтай хадаг нь бараг тасардаггүй бөгөөд 1000 жилийн дараа устдаг. Модонд уясан хадаг нь модны шим шүүсээр амьдардаг өт хорхойг үржих таатай орчинг бүрдүүлснээр модонд очих тэжээл дутагдаж хатаж өмхөрдөг байна.

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг 2017 онд гаргасан.

Уриалгын хүрээнд гурав дахь жилдээ нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байршуулж орхисон шашны эд зүйлсийг цэвэрлэж устгах ажлыг энэ сард зохион байгуулжээ.

Модонд уяж орхисон шашны эд зүйлсэд модноос гадна шувууд болон мэрэгч амьтад ихээр хорогдож байна. Иймд иргэд та бүхнийг ойн сан бүхий газар болон ургаа модонд шашны эд зүйлс байршуулахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар