Эко сургууль болох 7 алхам

Бид өдөр бүр, секунд тутамд зөвхөн байгалийг түшин амьдрах хэрнээ шавхан ашиглахаас өөрийг мэддэггүй, үүнийхээ төлөөсөнд юу ч хийдэггүй, юу хийхээ ч мэддэггүй. Экологийн боловсролыг дээшлүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх замаар эх дэлхийгээ, эх орноо, унаган байгалиа үеийн үед хямгадан авч үлдэх боломжтой юм. Энэхүү боловсрол, төлөвшлийг олж авах, хүрээлэн буй орчноо цэвэр байлгах чухал ухамсрыг сурагч байхаасаа эхлэн сурснаар хүрээлэн буй орчиндоо зөв хандлагатай нэгэн болдог нь бусад улсын жишиг дээр харагдсаар байна.

Дэлхийн жишиг хандлагыг авч үзвэл ЕБС-ийн хүрээнд байгаль орчны боловсрол олгох, байгаль хамгаалалд сурагчдыг оролцуулж, тэдний сэтгэлгээг зөвхөн байгаль орчныг хэрэглэгч байдлаас энэрч нигүүлсэгч, хайрлан хамгаалагч болгон төлөвшүүлэх зорилгоор Байгальд ээлтэй сургууль болох дараах долоон алхамыг хэрэгжүүлдэг байна.

1. Эко зөвлөл байгуулах: Эко зөвлөлийг хүүхдүүд сайн дураараа байгуулна. Эко зөвлөл нь “эко сургууль” хөтөлбөрийг удирдаж зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд багш нар, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, үйлчилгээний ажилтнууд, эцэг эхчүүд, иргэд сайн дурын үндсэн дээр оролцоно. Үүний дараа эко зөвлөлийн зорилгыг тодорхойлох шаардлагатай.

2. Хүрээлэн буй орчиндоо үнэлгээ хийх: Энэ нь сургуулийн дотор болон гадаах орчны одоогийн байдлыг үнэлэх алхам юм. Үнэлгээ хийснээр эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнөх үеийн ус, эрчим хүч, түлш, цаас, хүнсний хэрэглээ, хог хаягдал, зүлэгжилт, цэцэрлэгжилт, ойжуулалт, машины болон явган хүний зам, зогсоол, орчны тохижилт, гэрэлтүүлгийн байдал зэргийг тодорхойлно. Үнэлгээ хийхдээ багш, сурагчдыг оролцуулна. Ингэснээр хийсэн ажлуудынхаа үр дүн, үйл явцыг нээлттэйгээр харьцуулан дүгнэх боломжтой болно.

3. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах:

• Үнэлгээний үр дүнд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна.

• Бодитой, үндэслэлтэй зорилго тавьж, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлно.

• Зорилгоо төлөвлөгөөний эхэнд бичнэ.

• Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хариуцах эзэн, шаардлагатай санхүүжилт, дүгнэх хугацааг хүснэгтэд бичнэ.

• Ажлын үр дүнг сургуулийн “Эко мэдээлэл”-ээр бусдад танилцуулна.

4. Хяналт үнэлгээ хийх: Эко зөвлөлийн үйл ажиллагааг хянах, үнэлэх, зөвлөх үүрэгтэй хяналтын баг байгуулна. Багийн бүрэлдэхүүнд сурагчид, багш нар, эцэг эх болон иргэд сайн дурын үндсэн дээр оролцох боломжтой. Хяналтын баг нь эко зөвлөлийн ажлын үр дүнг төлөвлөгөөтэй нь харьцуулан хянах замаар цаашдын үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөхөд чиглэсэн зөвлөмж боловсруулна. Мөн эко зөвлөлийн ажилд сурагчид, олон нийтийг хамруулан оролцуулах үүрэгтэй.

5. Хичээлийн хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэх: Багш нар хичээлийн хөтөлбөртөө байгаль орчинтой холбоотой шинэ сэдвүүдийг нэмж оруулна. Ингэснээр сурагчид сургуулийн эко хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг илүү ойлгож, эко зөвлөлтэй хамтран ажиллах олон чиглэлийн клуб байгуулан ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

6. Мэдээлэл түгээж татан оролцуулах: Эко зөвлөлийн зорилго, төлөвлөгөө, хийсэн ажлыг сургууль, орон нутгийн хэмжээнд мэдээлснээр сурагчид, орон нутгийн иргэд, байгууллагыг үйл ажиллагаандаа татан оролцуулах, тэдний дэмжлэг, туслалцаа, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн сургууль дээр хавар, намрын хичээлийн эхэн, төгсгөл болон бусад байгаль орчны өдрүүдийг тохиолдуулан сургууль дээр өдөрлөг, үзэсгэлэн зохион байгуулах.

7. Эко уриа боловсруулах

 Эко сургууль болох сургуулийн зорилгыг тодорхойлсон уриатай байх нь чухал. • Энэ нь эко-зөвлөлийн зорилго, явуулах үйл ажиллагааны онцлогтой холбоотой байвал зохино. Эко уриаг сургуулийн бүх сурагч, багш нар хэлэлцэж, сум, сургуулийн байгаль орчны тулгамдсан асуудал, нэн түрүүнд хэрэгжүүлэх гол ажилд чиглүүлнэ. Эко уриаг шат дараатай хэрэгжүүлэх, хэрэгжүүлж буй уриаг тодоор бичиж эко зөвлөлийн самбар болон анги танхим, харагдах газарт байрлуулна.

 

Сургуулийн эко зөвлөлийн ажиллах чиглэл

1. Эко зөвлөл байгуулах

2. Дэд зөвлөлүүдийг байгуулах – Хог хаягдлын экологийн ул мөрийг бууруулах зөвлөл – Түлшний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл – Цахилгааны экологийн ул мөр бууруулах зөвлөл – Усны экологийн ул мөр бууруулах зөвлөл – Цаас, модны экологийн ул мөр бууруулах зөвлөл – Хүнс, хоолны экологийн ул мөр бууруулах зөвлөл – Хөрсний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

3. Экологийн ул мөрийн үнэлгээг нухацтай дахин хийх, үе үе үнэлэх, гол давтагдаж байгаа асуудлуудыг тодруулж өөрчлөх, ул мөрийг багасгах арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх,

4. Ул мөрийг багасгах зарчмыг хүн бүр өөрийн дадал зуршил болгох талаар ажиллах

  • Үнэлгээ, ул мөрийг багасгах ажлыг зөвлөлийн гишүүд өөрсдөөсөө эхлэх, сургууль, анги, гэр орноосоо эхэлж хошуучлах. Жишээ нь: өөрсдөө хог хаядаггүй болох. Зөвхөн явган хүний замаар явдаг болох, нус, цэр шүлс хаядаггүй болох, сурах бичгийг эргээж ашиглах боломжтойгоор маш гамтай хэрэглэх, зурагтыг зөвхөн үзэх зүйлээ үзээд унтрааж сурах гэх мэтээс эхлээд өөрсдийн амьдралын дадлыг өөрчилж хэвшүүлэх
  • Сурагчид болон эцэг эхэд экологийн ул мөрийг үнэлэх, бууруулах, амьдралын дадал зуршлаа бууруулах өөрчлөх ажлыг тогтмолжуулах

5. Анги бүрээр сурагчдын экологийн ул мөрийг байнга үнэлдэг болгох

6. Анги бүрээр экологийн ул мөрийг бууруулах төлөвлөгөөтэй ажиллах

7. Багш, сурагчид, ажилчид тодорхой хугацаанд экологийн ул мөрийн тайлан гаргаж    
     байх

Доорх зөвлөлүүдийг байгуулж болно.

  1. Хог хаягдлын экологийн ул мөрийг бууруулах зөвлөл
  • Хог хаягдлыг ангилах, эргүүлэн ашиглах ажлыг зохион байгуулах
  • Сургуулийн хог хаягдлын бүтцийг судлах
  • Гарч байгаа гол хог хаягдалд дүгнэлт хийж ул мөрийг нь бууруулах арга хэмжээ авах
  • Бохь, чихрийн цааснаас эхлээд аливаа хог хаядлыг ил задгай хаядаггүй болгох
  • Харагдсан, тааралдсан хог хаягдлыг өөрсдийн санаачлагаар авдаг цэвэрлэдэг хэвшлийг хүн бүрт дадуулах
  • Эргүүлэн ашигласан хог хаягдлаар бүтээсэн зүйлсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд таниулах
  1. Модны экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

       • Сургуулийн түлшний тодорхой хэсэгт аргал, гишүү хэрэглэдэг болгох

       • Сурагчдаар аргал, гишүү түүлгэж нөөцлөх ажлыг зохион байгуулах

       • Сургуулийн хичээлийн ба дотуур байрны цонх, хаалгыг бүрэн бүтэн байлгах, дулаалах ажлыг зохион байгуулах

       • Сургууль дээр мод тарих, арчилж ургуулах ажлыг зохион байгуулах

       • Түлшний экологийн ул мөрийг бууруулах чиглэлээр өөр бусад ажил зохиох

  1.  Эрчим хүчний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн цахилгааны тодорхой хэсгийг нар, салхины эх үүсвэрээр хангах чиглэлээр ажиллах

• Цахилгааны үргүй зарцуулалтыг илрүүлэх, бууруулах чиглэлээр ажиллах

• Сургуулийн бүх улайсах гэрлийн шилийг сүүн гэрлээр солих

• Байруудын коридорын унтраалгыг мэдрэмжтэй унтраалгаар солих

• Гэрэл асааж, унтраах цагийн хуваарийг гаргах

  1. Усны экологийн ул мөрийг бууруулах зөвлөл Монгол

• Бороо, цасны ус нөөцлөх боломжийг нэмэгдүүлэх

• Цэвэрлэгээний ажилд аль болох бороо, дээвэр, цасны ус хэрэглэх

• Байр сууцны дээврээс борооны ус тосож авах ажлыг зохион байгуулах

• Уурын зуухыг аль болох бороо цасны усаар ажиллуулах

• Нуур, гол, горхины эрэг цэвэрлэх ажлыг тогтмолжуулах

• Нуур, голын эргийг бохирдуулж, загас барьж буй иргэд байгууллагад сургалт явуулж усны ул мөрийг бууруулах

• Бохир усыг ил задгай асгадаг айл өрх, албан байгууллагийг илрүүлж энэ байдлыг таслан зогсоох

  1. Цаасны экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн цаасны хаягдлыг сар бүр тооцох

• Сурагчдын ном сурах бичгийг хичээлийн жилийн төгсгөлд хүлээн авч дараагийн ангид шилжүүлэх аян зохиох

• Сурагчдын дэвтэр ашиглалтыг тодорхой хугацаанд хянаж байх

  1. Хөрсний экологийн ул мөрийг бууруулах зөвлөл

• Сургуулийн анги танхимыг цэцэгжүүлэх

• Сургуулийн гадна талд мод, зүлэг, цэцэг тарих, арчилж услах ажлыг сурагчдыг зохион байгуулж хийлгэх

• Сурагчдын дотуур байрыг цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулах

• Сургуулийн орчинд чулуугаар явган хүний зам тавих

• Явган хүний зам, машины зогсоол, тоглоомын талбайд тэмдэглэгээ хийх

• Машины замыг хашиж зүлэг хамгаалах

 • Зүлэг гишгихгүй, ногоо халцлахгүй, явган хүний замаар явах дадлыг сурагчдад хэвшүүлэх

Дээрх ажлуудыг шат дараалалтай хийж гүйцэтгэснээр танай сургууль экологид ээлтэй сургууль болж буй юм. Мөн клубын гишүүн хүүхдүүд байгаль орчин хамгааллын өндөр мэдлэгтэй болохоос гадна үүнийгээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдэж, бусдад түгээх, эерэгээр нөлөөлөх чадварыг эзэмших маш том давуу талтай.