Геннисийн номонд бичигдсэн 7 мод

            Дэлхий ертөнц дээр оршин буй юм бүхнээс хамгийн хамгийн зүйлсийг нэрлэж, тодруулдаг уламжлал хүн төрөлхтний дунд тогтоод уджээ. Хамгийн гэх тодотголтой зүйлсийн дундаас дэлхий дээр оршин байдаг сонирхолтой, гайхамшигтай долоон модны мэдээллийг хүргэж байна.

 

  1. Дэлхийн хамгийн хурдан ургадаг мод

Хятадын төв болон баруун зүгээс гаралтай энэхүү модыг Половниа томентоса (Paulownia tomentosa) гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд “Гүнж мод" (Princess tree, Express tree) болон Фоксглөв (foxglove-нил ягаан цэцэг дэлбээлдэг учир ийнхүү нэрлэдэг) гэх нь ч бий. Тариалсан эхний жилд л гэхэд 6 метр хүртэл ургадаг. Гурван долоо хоног тутамд 30 см өсдөг гайхалтай мод гэнэ. Мөн нэмж хэлэхэд Половниа томентоса нь фотосинтез явуулах үедээ ямар ч модтой харьцуулсан 3-4 дахин их хүчилтөрөгч ялгаруулах чадвартай учир АНУ-аас эхлээд дэлхийн томоохон орнууд энэхүү модыг ихээр тариалах болжээ.  

  1. Хамгийн өндөр амьд мод

2006 онд Калифорнийн “Редвүүд” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Крис Аткинс, Майкл Тейлор нарын олж илрүүлсэн 115.54 метр өндөр Хайперион (Hyperion) хэмээх далайн эргийн улаан мод (Sequoia sempervirens) нь одоогоор дэлхийн хамгийн өндөр амьд мод болоод байна. Энэхүү мод нь 700-800 жилийн настай гэнэ.

  1. Хамгийн өндөрлөг газар ургадаг мод

Полилепис тарапакана (Polylepis tarapacana) хэмээх энэхүү мод нь төв Андын нурууны Алипиппаний хагас хуурай орчинд 700 гаруй жил наслан амьдардаг. Далайн түвшнээс дээш 4000-5,200 метр өндөрт ургадаг навчит модны төрөл зүйл гэнэ.

  1. Хамгийн хөгшин мод

Дэлхийн хамгийн хөгшин мод нь ойролцоогоор 5200 жил насласан гэж тогтоогдсон бөгөөд АНУ-ын Невада мужийн нэгэн хотод амьдардаг Прометиус(Prometheus) хэмээх мод байжээ. Харамсалтай нь 1963 онд геологчид Прометиусыг судлахын тулд тайрсан байна. Модны насжилтыг тогтоох арга нь хожуулан дээрх цагирагыг тоолох гэдгийг бид мэднэ. Тэгвэл Прометиус нь 4867 цагирагтай гэж тоологдож байсан ч 5200 жил насласан гэж судлаачид үздэг байна.

  1. Хамгийн том эзэлхүүнтэй амьд мод

Калифорни мужийн “Sequoia” үндэсний паркд байрладаг 2100 жилийн настай гоо үзэсгэлэнт Генерал Шерман (General Sherman) мод нь 82.6 метр өндөр юм. Гайхалтай нь 1980 онд энэхүү модыг албан ёсоор хэмжихэд 1,487 метр³ эзэлхүүнтэй байсан бол 2004 он гэхэд бараг 1,530 метр³ болж томорсон гэнэ. Геннисийн номонд тэмдэглэхдээ энэхүү модыг "5 тэрбум гаруй шүдэнз хийхэд хангалттай хүрэлцэх бөгөөд улаан хүрэн холтос нь 61 см зузаантай” гэсэн байна. Мөн ойролцоогоор 1814 тонн жинтэй гэнэ.

  1. Хамгийн аюултай мод

Дэлхийн хамгийн аюултай мод болох Манчинил (Manchineel) нь Карибын тэнгисийн эрэг орчмоор ургадаг бөгөөд өөрөөсөө маш хортой хүчиллэг шингэн ялгаруулдаг байна. Тус модонд эсвэл модноос ургадаг жимсэнд ганц хүрэхэд л түлэгдэж цэврүүтдэг. Мөн нүдэндээ хүргэсэн тохиолдолд сохрох хүртэл аюул учруулдаг байна. Модноос ургах жижиг ногоон алим шиг жимсийг идвэл үхэлд ч хүргэх аюултай. Хэрвээ тус модыг шатаах гэж оролдвол утаа нь нүдэнд орж хараагүй болгодог гэнэ.

  1. Хүний тарьсан хамгийн хөгшин мод

Натурал шинжээр бус хүний тарьж ургуулсан хамгийн эртний мод бол Шри Маха Бодъяа (Sri Maha Bodhiya) гэж нэрлэгддэг 2,300 жилийн настай ариун инжрийн мод (Ficus religiosa) юм. Тус мод нь Шри Ланкад амьдардаг бөгөөд сүүдэрт нь бурхан Будда багш бясалгаж, гэгээрэлд хүрсэн гэж ярьдаг байна.