Дэлхий модгүй болвол бидэнд юу тохиолдох вэ?

Дэлхий дээр ойролцоогоор гурван триллион гаруй мод байдаг бөгөөд нийт газар нутгийн 31%-ийг эзлэн ургадаг. Харин жил бүр хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд 15 тэрбум модыг тайрч, огтолдог байна. Яг энэ чигээрээ байсаар байвал одоогоос 200 жилийн дараа дэлхий ямар ч ой модгүй болно гэж судлаачид хэлжээ. Хэрвээ ийм нөхцөл байдалд очвол цэнхэр гариг маань хэрхэн өөрчлөгдөх талаар мэдээллийг хүргье.

Хүчилтөрөгчийн дутагдал

Хүчилтөрөгч нь дэлхийн агаар мандлын 21% -ийг бүрдүүлдэг. Нийт хүчилтөрөгчийн тэн хагасыг ой мод болоод дэлхий дээрх бусад ургамалууд фотосинтез явуулах үедээ үйлдвэрлэдэг бол үлдсэн хагасыг далай тэнгист амьдардаг фитопланктон(phytoplankton) хэмээх бичил биет амьтан бүрдүүлдэг байна. Хэрвээ модгүй болвол хүчилтөрөгч бүрэн устахгүй ч гэсэн маш бага хэмжээнд очно. Ийм нөхцөлд хүн амьдарч чадах болов уу. Бүрэн гүйцэт ургасан навчит мод нь жилд 10 хүнд хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Дэлхий дээрх хүн амын тоог яг одоогийнхоор тооцоолж үзвэл бид модгүйгээр 4000 жил амьдарч чадна. Үүнээс цааш дэлхий дээрх хүчилтөрөгч бүрэн устана гэж судлаачид тооцоолжээ. Харин яг энэ эрчээрээ хүн амын тоо өссөөр байвал мэдээж хүн төрөлхтөн 4000 байтугай 1000 жил ч оршиж чадахгүй.

Утаат манан дунд амьдрахад бэлэн үү?

Дэлхийн ойн сан бол бохирдлыг шүүдэг аварга том шүүлтүүр л гэсэн үг. Модны навч яг бидэн шиг амьсгалдаг. Навчин дээр байрлах олон тооны жижиг нүх нь хамрын үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нүхийг стома (stoma) гэж нэрлэдэг аж. Энэхүү амьсгалын сүвээрээ агаар дах тоос, нүүрстөрөгчийн дан исэл, хүхрийн давхар исэл зэргийг шингээн амьсгалаа авдаг. Амьсгалаа гаргахдаа хүчилтөрөгч ялгаруулдаг гэж ойлгож болно. Энэ үйл ажиллагаа зогсоно гээд төсөөлөөд үз дээ. Өтгөн манан мэт утаан дунд бид амьдарна гэсэн үг. 2015 оны байдлаар дэлхий дээр жилд 9 сая хүн хорт утааны улмаас үхэж байна хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээд байна. Тэгвэл модгүй ертөнцөд энэ тоо хэд болж өсөхийг тооцоолоход ч бэрх аж. Ямар ч байсан хорт утааны маск хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж, савласан цэвэр хүчилтөрөгчийн төлөө хүмүүс бараг бие биенээ хөнөөхөд ч бэлэн болно гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид хэлж байна. 

Халуун агаараар дэлхий дүүрэх үү?

Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 15-с дээш хувь нь мод бэлтгэл, устгалтай холбоотойгоор үүсэж байна. Нүүрсхүчлийн давхар ислийн улмаас агаар халж илүү дулаан болохыг та агаар халж байна гэж ойлгож байгаа байх. Зөв. Гэхдээ мод ба дэлхийн уур амьсгалын темпратур хоёр хоорондоо их төвөгтэй харилцаатай гэнэ. Нар, мод хоёр хоорондоо шууд хамааралтай хамтран ажилладаг. Нарны энерги модны ногоон навчинд шингэх эсвэл буцаж ойж байдаг учир халуун хүйтэн энергийг мод зохицуулж байдаг гэж ойлгож болно. Ингэснээр хөрсний чийг тогтвортой хэмжээнд хадгалагддаг байна. Халуун орны ой модод хөрсний темпратурыг сэрүүн чигээр нь хадгалж байхад мод устгалын улмаас Европ тивийн уур амьсгалын темпратур нэмэгдсээр байгаа гэнэ. Дэлхий модгүй болвол хүн төрөлхтөн сэнгэнэсэн сэрүүн салхийг дахиж мэдрэхгүй.

Бороо

Бороо орох мөчлөгийг мод зохицуулдаг. Дээр хэлсэнчлэн мод нарны энерги ба хөрсний хоорондох халуун, хүйтныг тааруулж байдаг. Хэрэв дэлхий модгүй болвол хөрс нарны энергийн нөлөөгөөр маш хурдан хуурайшиж, бороо орсон ч хатаж ангасан хөрсөнд маш хурдтай шингэснээр ууршилт бага явагдана. Энэ нь бороо орох давтамж өдөр ирэх тусам холдож, нэг орвол хүчтэй аадар, үер буух гэх мэт байгалийн уян хатан, аюулгүй байдал алдагдана гэсэн үг юм.

Модгүй дэлхийг төсөөлөөд үз гэхэд хэний ч төсөөлөлд буухгүй байж магад. Хүн угаас өөрөө биеэр туулаагүй, эсвэл цаг нь тулж ирээгүй л бол юунд ч анхаарал хандуулахгүй амьдарсаар ирсэн. 200 жил гэдэг таньд асар их хугацаа шиг санагдаж байж болно. Гэхдээ ирээдүй хойч үе маань модгүй дэлхийд амьдрах аюулд өртвөл маш богино наслаж, цэвэр агаар, усны төлөө мөнхийн тэмцэл дунд амьдарч, салхины оронд шороогоор шуурсан там мэт газар бараг үхэх ганцхан хүсэл тээж амьдрана гээд бод доо. Ирээдүй хойчдоо ийм зүйл амсуулахгүйн тулд мод тарьцгааж, ойн сангаа хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, цэвэрлэх шаардлага тулгараад байна.