Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгүүд

Чимээ шуугиангүй, амар тайван орчинд түр ч болов саатах хэрэгцээ хүн бүрт л байдаг. Ялангуяа хотод амьдардаг хүмүүсийн хувьд бужигнасан их шороо тоосноос эхлээд залхмаар чанга дуу чимээнээс өдөрт дор хаяж 5-6 цаг холдох нь эрүүл мэндэд тустай. Хүний энэхүү хэрэгцээг хангахын тулд дэлхийн улс орнууд томоохон хотууддаа бичил ой хэлбэрийн цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулсан байдаг. Битүү ногоон зүлгээр хучигдаж, сүрлэг сайхан моддоор хүрээлүүлсэн газар өглөөний гүйлт хийхээс эхлээд үдийн зоог барих, ном унших гээд л юу хүссэн бүхнээ хийх боломжыг бүрдүүлж өгчээ. Ийм төрлийн хүрээлэн битгий хэл гүйх ч газаргүй бидэнд атаархмаар сайхан санагддагийг нуух юун. Ямартай ч ирээдүйд томоохон цэцэрлэгт хүрээлэн барихаар болвол уншигчид дэлхийн улс орнуудын жишиг ямар байдгийг мэдвэл зохистой гэж бодсон учраас доорх мэдээллийг бэлтгэлээ.

  1. Royal Botanic Garden- Австрали, Мелбоурн

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог ботаник цэцэрлэг нь 40.4 га талбайг эзлэн оршиж байна. 50 мянга гаруй төрөл зүйлийн ургамалтай, нууруудтай энэ газарт Хятад нутгийн урд хэсэгт ургадаг ховор төрлийн ургамалууд ургадаг. Мөн унаган амьтад болох хар хун, хонхот шувуу зэрэг амьтад амьдардаг гэнэ.

  1. Villa Doria Pamphili- Итали улс, Ром хот

Хотдоо хамгийн томд тооцогдох тус хүрээлэн нь архитектурын нарийн төвөгтэй шийдлээрээ гадна дотны жуулчдыг ихээр татдаг байна. Анхандаа нэгэн чинээлэг гэр бүлийн эдлэн газар байсан бол одоо тус өргөн уудам газар нь хадан цохио, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн болжээ. Өргөн хэмжээтэй хайрган замууд нь гүйхэд тохиромжтой аж.

  1. Ibirapuera Park- Бразил улс, Сан Пауло хот

Нью- Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнтэй адилхан харагдаж байгаа биз. Сан Пауло хотын төвд орших тус хүрээлэн нь амралтын идэвхитэй бүс юм. Зүлгэн дээр амрангаа хотын гайхалтай дүр төрхийг тольдох боломжтой. Гүйлтийн болон дугуйн замтайгаас гадна нуурыг тольдох боломж бүхий гүүртэй гэнэ.

  1. Forest Park- АНУ, Сэнт Луйс хот

Бүхэл өдөржингөө тус цэцэрлэгт хүрээлэнд байгаад л баймаар, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаархааргүй сайхан мэдрэмжийг орсон хүн болгондоо мэдрүүлдэг хот дундах ой гэдгээрээ алдартай. Энэхүү 526 га бүхий хүрээлэнгийн талбайд урлагийн музей, амьтны хүрээлэн, мөсөн гулгуурын талбай гэх мэт томоохон байгууллууд байдаг учраас түүх соёлын томоохон төв ч гэж ойлгож болно.

  1. Stanley Park- Канад улс, Ванкувер

405 га бүхий талбайтай төв цэцэрлэгт хүрээлэн нь унаган ургамалын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Энд гүйх, дугуй унах, ролликоор гулгах гэх мэт хүссэн зүйлсээ хийх боломжтой аж. Мөн зуны дэлгэр цагт үндэсний урлагийн тоглолт хийдэг гэнэ. Усны сараана цэцэгээр дүүрсэн 16,5 га талбай бүхий нууртай.  

  1. Central Park- АНУ, Нью-Йорк

Төв цэцэрлэгт хүрээлэнгийн талаар та бишгүй л их сонссон байх. Бидний үзэх дуртай, сэтгэлд буусан олон киноны дүрсүүдийг энэ л газарт авсан байдаг шүү дээ. Нью-Йорк бол ажил хэрэгч хот. Тиймдээ ч хамгийн гол ажиллах "толгой" болсон хүмүүсээ амраах, орчныг нь эрүүл байлгах нь чухал гэж үздэг байна. Цайны цагаараа нуурыг толидонгоо цайлж суугаа ажил хэрэгч хувцастай хүмүүсийг та Central park-д элбэг харах болно. 

  1. Hibiya Park- Япон, Токио хот

Өмнө нь бид токиогийн төв дунд байрладаг 10 мянган мод бүхий ойн талаар мэдээлэл хүргэж байсан. Яг тэрхүү газарт hibiya нэрт цэцэрлэгт хүрээлэн бий.  Цэцэгсийн хүрээлэн ч гэж нэрлэж болох энэ газарт том том сарнайн бутнуудаас эхлээд маш ховорт тооцогддог интоорын цэцгийг ойроос харах боломжтой.