Тасалгааны ургамал ургуулахдаа анхаарах зүйлс

Цэцэг тарихаар зэхэж буй хүмүүс юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах ёстой. Өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй байдаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь их сайхан харагдана. Таримал цэцгийг ширээ, цонхны тавиур, хана, шал, тусгай тавиур дээр ч байрлуулж болно. Цэцэг тогтоох ханын тавиурыг төмөр утас зэрэг хөнгөн материалаар хийж болно. Энэ нь зай ашиглалт, гэрийн гоёмсог байдалд ач холбогдолтой. Тэр тусмаа тавиураа харагдахгүй болтол давж ургадаг ургамал хичнээн сайхан үзэмжтэй харагдах бол.

Цонхны тавцан дээр хоёр эгнээгээр цэцэг тавьбал шилэн талд нь намхан цэцгүүдийг, өндөр цэцгүүдээ наана нь байрлуулбал нарны гэрэл бүгдэд хүртээжтэй байдаг. Цэцгийг хэтэртэл нь услах нь хатахаас илүү хортой гэдгийг анхаар. Жижиглэн буталсан өндөгний хальсыг элсэн чихэртэй хольж бордоо болгох хэрэгтэй. Мөн мах угаасан ус, бага зэргийн элсэн чихэртэй ус нь тасалгааны цэцгийн хамгийн сайн бордоо болдог байна.

Гэрийн нөхцөлд цэцэг ургуулах арга

  1. Эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Үндэслүүлэх  мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч үндэс нь гардаг. Энэ үед авч шороонд суулгана.
  2. Навчаар ургуулдаг цэцэг байдаг. Ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь уутаар ч юмуу бүтээнэ. Хааяа салхи оруулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд үндэс гарахаар нь шороонд суулгана.
  3. Өөр нэг арга нь цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хайчилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгож байгаа хэрэг. Дараа нь ямар ч хамаагүй төмөр эсвэл пластмассан сав авч ёроолыг нь жижиг, жижиг нүхлэн чулуу буюу модны нүүрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх мөчрөө суулгана.

Орчин болон эзэн нь өөрчлөгдөхөд цэцэг их эмзэг байдаг. Тиймээс анх байрлуулсан газраас нь шаардлагагүй үед хөдөлгөх хэрэггүй. Хэрвээ ургамлын усалгааг хэтрүүлсэн бол үндэс амьсгалж чадахаа больж үхдэг гэдгийг мартаж болохгүй. Өвлийн улиралд усалгааг бүр багасгах хэрэгтэй. Учир нь өвлийн улиралд цэцэг амар тайван байдалд оршдог. Мөн тарьсан цэцгийнхээ шороог 1-2 жил тутамд сольж савыг нь томруулах хэрэгтэй.

Тасалгааны цэцэг худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай

  1. Цэцэг сонгох эхний алхам бол гэрт маань цэцэг тавих зай хир билээ гэдгээс эхэлнэ. Дараачийн алхам байнга гэрэлтэй байх газар хангалттай байгаа эсэхийг тооцох, цонхны тавцан дээр тавих эсвэл таазнаас дүүжлэх үү гэдгийг бодолцох хэрэгтэй.
  2. Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг огт гэрлийн шаардлаггүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардал шаарддаг байна.
  3. Өндөр үнэтэй цэцэг их арчилгаа шаарддаг тул таньд энэ бүхнийг амжуулах цаг зав гарах үгүйг сайн тооцоорой. Хэрвээ таны өндөр үнээр авсан цэцэг тань арчилгаа муу хийснээс үхвэл та алдагдалд орно.
  4. Гэрийнхээ, өрөөний цонхны байрлалыг сайн мэдэж авах нь чухал. Таны бүх өрөөний цонх урд болон зүүн зүг рүү харсан бол нарны гэрэл дээд болон дунд түвшинд тусна. Баруун тийшээ харсан цонхтой бол нарны гэрэл дунд зэргийн түвшинд тусдаг бол хойд зүг рүү харсан цонх хамгийн гэрэл багатай байдаг.

 Та одоо цэцэгээ хаана байрлуулах ямар цэцэг авахаа сонгосон бол дэлгүүр явцгаая.

- Цэцгийн дэлгүүрүүд цэцгийн саван дээр тухайн цэцэгийн нэр, хөрсний бүтэц, усалгаа, арчилгаа гэх мэт мэдээллийг саван дээр наасан байдаг. Үүнийг анхааралтай унших хэрэгтэй.

- Цэцэг худалдан авахдаа худалдагчаас асууж авсанаас цэцэг сайн мэддэг хүн дагуулж явсан нь дээр. Учир нь цэцэг худалдаж буй хүн нэгдүгээрт бараагаа зарахын тулд танд юу гэж ч хэлж магадгүй хоёрдугаарт худалдагч нарын ихэнх нь цэцэг сайн мэддэггүй цагаар ажилладаг оюутнууд байдагийг бүү март.

- Цэцэг сонгохдоо өтгөн саглагар өндөр ургасан цэцэг сонгосоноос залуу шинэхэн эрүүл шилбэ навчтай цэцэг сонгох нь дээр. Залуу ургамал илүү олон жил танайхыг чимэх болно

.- Хэрвээ таны худалдан авсан цэцэгний сав жижиг санагдвал гэртээ авчирсаны дараа савыг томруулан хөрсийг солих хэрэгтэй. Таньд сануулахад авчирсан дороо цэцэгийг шилжүүлэн суулгаж болохгүй. Дор хаяхад 7 хонуулж байж солих хэрэгтэйг бүү мартаарай. Учир нь тухайн орчиндоо цэцэг дасах хугацааг хүлээх хэрэгтэй.

- Худалдан авсан цэцгийнхээ навчийг чийгтэй, зөөлөн материалаар арчиж навчин дээр хуралдсан тоос шороог цэвэрлээрэй. Бананы хальсаар навчийг цэвэрлэх нь мөн эерэг ач холбогдолтой.

- Хүмүүс цэцэг худалдан авахдаа цэцэг нь дэлгэрсэнийг нь түлхүү авдаг. Энэ нь буруу. Гэртээ авчирсанаас хэсэг хугацааны дараа дэлгэрсэн цэцгүүд нь байгалийн жамаар унадаг. Тэгмэгц хүмүүс бүх цэцэг нь уначихлаа гэж сэтгэлээр унадаг. Тийм учраас цэцэг авахдаа бундуй үүссэн цэцэг сонгож авах нь тохиромжтой. Таны гэрт ирсэний дараа цэцэглэх болно.

- Цэцэг авахдаа навчны доод талыг сайн ажиглах хэрэгтэй учир нь хортон шавьж навчны судал даган голдуу амьдардаг. Мөн хөрсний өнгөн хэсэг цагаарсан эсэх, хөрс савнаасаа хөндийрсөн эсэхийг сайн шалгаж үзээрэй.