Чулуу хуурайшилтын үед нөөцөлсөн усаа хөрсөнд шингээж чийгшүүлдэг

Дэлхий дээрх байгалийн бүтээгдэхүүн болсон юм бүхэн ямар нэг үүрэг, зориулалттай гэдгийг мэддэг ч чулууны үүргийг ерөөс ойлгодоггүй байлаа. Монголчуудын уламжлалт сургаальд чулууг байгаа газраас нь хөдөлгөж болдоггүй, хөдөлгөвөл хуучин газраа санаж уйлдаг гэснийг санаж одоо ч хөндөхөөс айдаг. 

Хөрстэй нягт холбогдон байрласан хэсэг бүлэг чулуунуудтай бид их тааралддаг. Уул, ой мод тал хээр гээд хаа сайгүй газраас ургасан мэт чулуу тааралдах нь элбэг. Тэгвэл эдгээр чулуу нь байгаль тэр дундаа усны эргэлтийн үйл явцад чухал нөлөөтэй аж. Чулуу нь хуурайшилтын үед ой модны чийгшилийг тогтвортой байлгах үүднээс өөрийн хуримтлуулсан усыг хөрсөнд шингээдэг байна. Тухайн хөрс нь хагарч, эвдрэлд орсон байсан ч чулуу энэхүү үүргээ гүйцэтгэсээр байдаг тухай Остны их сургуулийн судлаачид ярьжээ.

Мөн чулуу нь хөрстэй нарийн, олон тооны сүвээр холбогддог бөгөөд энэхүү нүхээр ус шингээх, дамжуулах үүргээ гүйцэтгэдэг учир чулуу бол байгалийн усны эргэлтийн салшгүй нэг хэсэг мөн гэдгийг ч хэлжээ. Судлаачид илүү нарийн судалгаа явуулахын тулд Калифорни мужийн хэсэг ойг сонгон авч судлахад ойролцоогоор борооны усны 27 орчим хувь нь чулуунд шингэдэг гэдгийг тогтоосон байна. Хуурайшилт ихтэй үед ч модод амьд үлдээд байдагийг гайхдаг байлаа. Гэтэл усыг нөөцөлж, хэрэгтэй үед нь гаргадаг чулуу гэгч энэ бүхний ард байжээ.